Цус ойртолт

2008-12-05,13:23



       Найзтайгаа элдвийг хуучилж суугаад «-Ер нь Монголд ямар бизнес их ашигтай байна даа?» гэж асуухад тэр «-Нам байгуулах л их ирээдүйтэй, ашигтай бизнест ороод байна даа» гээд учиргүй инээв. Тоглоомын үг ч гэсэн энэ үг элдвийг сөхөж үзэг цаас нийлүүлэхэд хүргэв.
       Морин жилийн хувьсгал Монгол Улсад олон зүйлийг өөрчилж, нийгмийн нэг бүхэл бүтэн дарангуйллыг халж, ардчилсан шинэ Монголын өрхийг татаж, гадаад ертөнц нээлттэй болж, хүн бүхэн эрх чөлөөтэй болсон цаг саяхан. Анхны ардчилсан сонгууль. Шинэ Үндсэн хууль , УИХ, Шинэ Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд л…
        Гэвч энэ бүхэн тийм сайн сайхнаар үргэлжлээгүй. Биднийг хүнд хэцүү он цагууд хүлээж байсан. Монголчууд ч Ерөнхий сайдынхаа үгэнд орж бүсээ чангалсан өдрүүд олон байсан. Овтой хэсэг нь хөлжиж, олон өрх ядуурлын туйлд хүрсэн. Тэр он жилүүд нэгэнт ард хоцорчээ. Тэр цаг үеийг бодвол ард түмний амьдрал бага ч гэсэн дээшилсэн. Үүнийгээ ардчилалын буян ч гэж хэлэх хүн олон. Овоо хэдэн юм тоншчихсон шүү гэж ханцуй дотроо залбирагчид ч цөөнгүй.
    Монголын ардчилал өнөөдөр нас биенд хүрсэн боловч ухаан суух болоогүй бололтой. Яг л  хэний ч үгэнд итгэж, ямар ч буруу замаар орчихож магадгүй насан дээрээ яваа 16-тай хүүхэд шиг…


     Монголын ард түмэн өнөөдрийг хүртэл зөв сонголтыг үргэлж хийсээр ирсэн. Гэвч дараа дараагийн сонгуульд тэд хичнээн хичээсэн ч зөв сонголт хийхэд нэгэнт бэрхтэй болжээ.  Магадгүй нөгөө л  бэртэгчингүүд засаг төрийн эрхэнд гарч ардчилал гэдэг гоё үгээр халхавч хийн төрийн ажлыг зөвхөн өөрийн эрх ашигт зохицуулан явуулахыг үгүйсгэх газаргүй. Монголчууд эртнээс төрт ёсоо дээдэлж, залбирахдаа хүртэл «Төрийн сүлд минь өршөө»  хэмээн алга хавсардаг байсан үе саяхан. Харин хатуу ширүүн цаг үе тэдний энэ сэтгэхүйг нэгэнт арчиж үгүй хийжээ. Үүний гол учир нь Монголын төр төр шиг төр байхаа нэгэнт больсонтой холбоотой.  Монголчууд эртнээсээ «гартан баатар ганжидаар дийлээгүй зүйлийг номын мэргэд хулсан бийрээр шийддэг» гэсэн мэргэн үгэнд итгэдэг байсан. Харин өнөөдөр тэр номын мэргэд төрд үгүйлэгдэх мэт.
      Төрийн машин зөв голдирлоороо ажиллахаа больжээ. Үүнийг хамгийн ойлгомжтойгоор тайлбарлахад таны компьютер вирустсэн тохиолдолд үндсэн программуудад алдаа өгч гацах, цаашлаад гол мэдээллүүд арчигдаж эхэлдэг. Монголын төр яг л энэ вирустсэн компьютер шиг болчихжээ. Монголын төрийн өнөөдрийн дүр төрх гэвэл ард түмнээс ёстой л нөгөө ногоон хурганы арьс нохойн битүү туурайнаас бусдыг амлах нь холгүй байж олж авсан эрх мэдлээ өчүүхэн амин хувийн хүрээгээ тэлэхэд ашиглаж байгаа нь нууц биш.
«Монголд яагаад сонгууль болдог вэ?» гэсэн асуултад «Татвар төлөгчдийн хөрөнгийг цөөхөн луйварчдад дахин хувиарлах» гэсэн гацхан үнэн бөгөөд гашуун хариулт л үлдэж байх шиг.  
 Доктор, профессор Н.Лүндэндоржийн бичсэн «Олигархийн дарангуйллаас ардчилалд хүрэх зам» нийтлэл Монголын төрийн үнэн нүүр царай, гажуудлыг илчилсэн даацтай тодорхойлолт болжээ. Тэрээр «…төр эрх мэдлээ эргээд улс төрийн намд алдлаа. Эрхэм гишүүдийн зарим нь өөрсдийгөө намын төлөөлөгч гэдгээ ил тод зарладаг боллоо. Уул нь үүнийг буруу гэж хувьсгал хийсэн шиг санана. Хувьсгал хийсэн нөхөд хүртэл үүнийг дэмжиж яваа харагдана. Намуудын”улстөрийн товчоо” аливаа асуудлыг эхлээд шийддэг, дараа нь парламент түүнийг ёсчилдог дэг журам тогтлоо. Тогтолцооны энэ гажиг эрх мэдэл  хариуцлага гэдгийг мартууллаа. Харин өнгө мөнгөөр төрд шургалж, төрийг бизнесийн хэрэгсэл болгож болдог гэдгийг мэдрүүллээ. Түүний төлөө тэмцэлд олигархуудыг босголоо. Эцэст нь олигархийн дарангуйллыг тогтоолоо.”  гэсэн тодорхойлолт хүн бүхэнд нэгийг бодогдуулж байгаа бизээ.
Илт нүүрэн дээрээ эх орончдын дүр эсгэн эргэж хараад гар хараад суучихдаг авилгачид төрийн эрхэнд нэгэнтээ өөрийн байр суурийг баттай олоод авчихжээ. 
       Гэтэл өнөөдөр тэдэнд хэн нэгний хөтөлж гаргасан бор халзан хонийг сонгохыг тулгаж байгааг юу гэж ойлгох вэ. Тэдэнд Үндсэн хуулиар олгогдсон ор нэр төдий сонгох эрхээс өөр юу ч үлдсэнгүй гэжүү.
       Сонгогдох эрхийн тухай ярихын ч хэрэггүй. Монголын төрийн хоёр багана хэмээгдэж буй АХ нам бохир мөнгөөр сонгууль явуулж, Ардчилсан намын дарга нь ард түмнээсээ ч ичихгүй «-Нэр дэвшмээр бол мөнгөө олоод ир» гээд зарлаад сууж байгааг юу гэж ойлгох вэ. Тэд хэний хүчээр парламентад сонгогдчихоод өнөөдөр хэнээр доог тохуу хийж байна. Зарим хүний анхааруулж байгаагаар Монголын улс төрийн энэ тогтворгүй байдлыг ашиглаж гадаад болоод дотоодын гэмт хэргийн бүлэглэлүүд Засаг төрд шургалах боломж ч гарч болохыг үгүйсгэхгүй.
    Монгол Улс өнөөдөр гадаад ертөнцөд хамгийн анхаарал татаж байгаа гол шалтгаан мэдээж газрын баялаг , ирээдүйд нээгдэх асар том алт, зэсийн орд. Монголыг сонирхогч гадаадынхны энэ улсад нэвтрэх хамгийн таатай нөхцөл нь аль ч түвшинд сул хуультай, зарим тохиолдолд зохицуулсан хууль ч байхгүй, төрийн байгууллага, хууль, цагдаа, гааль бүгд авилгалд идэгдсэн. Зайлшгүй шаардлагаар хэн нэгнийг устгасан тохиолдолд хэрэг илрэх магадлал бага, наад зах нь гэрчийг хамгаалах хууль байдаггүйгээс хэн ч мэдүүлэг өгдөггүй. Нөгөө талаар ажиллах хүч болон амьдралын өртөг хямд зэрэг олон давуу тал тэднийг зөөлөн газардуулах нь ойлгомжтой. Гэтэл бид Төрийн түшээд гэж итгэл үзүүлж тэднийг яах гэж сонгож парламентад илгээлээ. УИХ гэж ямар байгууллагыг хэлдэг юм вэ. Тиймээ Хууль тогтоох дээд байгууллага. Тэгвэл тэд хуулиа боловсронгуй болгож, цоорхой хуулийнхаа онгорхойг нөхөхгүй юу хийгээд  байна аа. Юу хийдэгийг нь өнгөрсөн онд болсон Засгийн газрыг огцруулах тухай нээлттэй хуралдаанаар бид хангалттай харсан. Үнэхээр л улай дээр цугласан хэрээнүүдийг санагдуулсан.
      Сүүлийн үед УИХ хууль тогтоох гэсэн гол зарчимаа умартсан тухай учир мэдэх хүмүүс бичиж эхэлсэн. Үүнд хэдхэн гол шалтгаан байгаа болов уу. Мэдээж хуулиа мэддэг мэргэжлийн хуульч цөөхөн болсон нь үнэн. Гэхдээ энэ бас гол шалтгаан биш. Тэгвэл эрх ашгийн зөрчилдөөн, идсэн уусаны зөрчилдөөн ч гол шалтгаан нь гэж үү. Бас л үгүй бололтой. Хуулийг яах гэж баталдаг юм бэ? Хамгийн товч хариулт нь хэрэгжүүлэх гэж. Хуулийг яах гэж гаргадаг юм бэ? Мэдээж улс эх орны хөгжил, ард түмний амьдралыг дээшлүүлэхийн тулд. Харин энэ хэнд ч ойгомжтой зүйл зөв голдирлоороо явахгүй байгаад асуудлыг гол оршиж байх шиг. УИХ хууль батлах танхим  бус гомдол барагдуулах жижигхэн контор мэт болсоны гол шалтгаан энэ. Хэн нэгэн Алтанд зориулж хэсэг төрийн түшээд хууль зохиох жишээтэй. Аль эсвэл хаа нэг газар хуримтлагдсан өнгөт металыг «нэг удаа гаргах тухай хуулийн төсөл»-ийг байнгын хороон дээр хэлэлцэх. /Уг нь өөрсдөө «Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжье» гээд өнгөт металыг гадагшаа гаргахгүй гээд хууль баталчихсан гэж байгаа/
     Нам ард түмэнтэйгээ сүжирсэн тохиолдолд тэр олныг саналыг дагуулж чаддаг. Гэтэл өнөөдөр нам бизнесийнхэнтэй сүжирэх болжээ. Учир нь намд мөнгө хэрэгтэй. Нам энэ мөнгөөр яах гэхээр сүжирч чадаагүй сонгогчдынхоо саналыг цуглуулах юм байх. Үүнийг гажуудал гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. Нэг үгээр хэлэхэд хэрэв нам бизнесийнхэнтэй сүжирвэл цус ойртоно гэсэн үг. Цус ойртсоноор ямар хүүхэд төрнө, эцэст нь парламент тийм тахир дутуу хүүхэд эх барьж авах буюу хууль батална гэсэн үг. Энэ тахир дутуу хүүхэд буюу хуулийн балагийг ард түмэн хэдийн амсаад эхэлчихсэн. Үүний тод жишээ хадгаламж зээлийн хоршоонын луйвар. Энэ зөвхөн эхлэл. «Хаан шалдан байна шүү дээ таминь ээ» гэж бид нэгэн цагт хашгирч чадсан. Тэгвэл өнөөдөр дахиад нэг хашгирахад илүүдэхээргүй болжээ.
     Нам мөрийн хөтөлбөрөө боловсруулж түүнийгээ төлөөлж чадах хүмүүсээ сонгож нэр дэвшүүлдэг. Гэтэл хэн нэг нь сонгогдсон хойноо намаасаа гарч сонгуулийн сурталчилгааны үеэр хөнжилөө хүртэл сөхөлцөн өрсөлдөж байсан эсрэг намдаа хайртай болчих жишээтэй. Мөн нэг баг гэдгээ мартчихаад эсрэг кноп дарж намын даргадаа загнуулах. Намын дарга тайлбар хийхдээ нэгэнт хуруу нь халтираад дарчихсан гэнэ гэж хэлж чадахгүйгээс хойш нөгөөл «Манай нам ардчилалтай байгаагийн шинж» гэж мэдэгдэнэ.
    Мэдэхгүй гэж мянган үгийн таглаа гэдэг шиг ардчилал гэдэг үг тэднийг олон хүнд байдлаас аварч байх шиг. Өнгөц үзэгдэх энэ хөгийн ч юм шиг үзэгдэл магадгүй Монголын улс төрийн амьдралд нэлээн хар сүүдрийг дагуулж байж болзошгүй. Хэрэг дээрээ чухам юу болоод өнгөрсөн тухай бидний таамаг төдий мэдэх Центерпойнтын хэрэг дахин давтагдахыг ч үгүйсгэх аргагүй. Харин чулууг нэлээн дээрээс шидэх болов уу.
       Улс орон хөгжиж, таны сарын цалин, хөгшидийн тэтгэвэр цөөн хувиар өссөн. Тэр ч байтугай хүүхдийн мөнгө гэж цоо «шинэ» тэтгэмжийн тухай хуульчилж эхнээсээ олгож эхэлсэн. Том дэвшил.
       Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом өсч, улсын халаас овоо хэдэн юмтай болоогүй бол  таны цалин, тэтэгэвэр өсөх нь эргэлзээтэй, мөн хүүхдийн мөнгө, шинээр гэр бологсодод олгох мөнгөний тухай санахын ч аргаггүй байсан нь ойлгомжтой. Мэдээж хүүхдийн мөнгийг би санаачилсан гэж цээжээ дэлдэн ёстой жаахан хүүхдүүд шиг зодолдохгүй байсан нь ойлгомжтой. Гэтэл намайг бага байхад олон хүүхдүүдтэй хүмүүст сар бүр боломжийн мөнгө улсаас өгч аав надад тэр үедээ л ховор байсан кама дугуй авч өгч байсаныг санаж байна. Тэгэхээр энэ хэн нэгний гэнэт санаачилсан хайр хишиг биш ажээ. Жишээ нь эрхэм түшээдийн хэн нэг нь «Социализмын үед өгдөг байсан биздээ»  гэвэл ёстой нөгөө онигоонд орох байсан байх л даа.

     Төрийн албан хаагчийн томилгооны талаар их маргадаг. Сонгуульд ялсан нам нь халаа сэлгээ хийлээ, Төрийн албаны хуулийг зөрчлөө гээд л. Гэтэл энэ бас зөвхөн гол шалтгаан байсангүй,өнгөлөн далдалт байжээ. Тэд төрийн албан хаагчидыг яаж томилж байна гэхээр, төрийн төмөр хөшигний ард наймаалцдаг болжээ. Сонгуулын сурталчилгаа гэж хүний өөрийн халаасыг сэгсэрчихсэн нөхдүүд чинь шархаа нөхөх хэрэгтэй биздээ. Тэгээд ч хэн сонгогдох нь сонин биш харин хэн нь халаас сайн зузаалж чадах тэр хүн л томилолт өвөртлөнө гэсэн үг. Жижиг гарууд шүлсээ гоожуулан мөрийтэй тоглоомын ард албаны мөнгөөр тоглож албан тушаал наймаалцаж байх хооронд заримдаа онцгой тохиолдолд зуушаа алдах тохиолдол бий. Энэ нь акуулуудын өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн нэр заасан хүн, их хурлын даргын хүн, намын даргын хөтөлж гаргасан хүн гэсэн тодотголтой нөхдүүд ногоон гэрлээр орж ирэх нь бий. Тэр байтугай эрхэм гишүүд гаальд орох сонирхолтой танил тал найз нөхдийнхөө гуйлтаар гаалийн эрх мэдэлтнүүдэд хахуулийн мөнгийг нь дамжуулдаг тухай дуулж байсан. 

     Улс орон авилгалын аалзан торонд идүүлж байгаа энэ хүнд үед сэтгүүлчдийн ажлаа явуулдаг редакцийн өрөөг энэ тор идэх аюул нүүрлэж байгаа нь нууц биш. Авилгачдын яаж ч чаддаггүй ганцхан бартаа сэтгүүлчид байдаг. Хэвлэл мэдээллийг дөрөв дэхь засаглал гэж тодорхойлсон байдагийн нэг гол учир шалтгаан ч энэ байж болох. Тиймээс ажил үүргээ биелүүлж яваад амь эрсдсэн сэтгүүлчдийн тоо хэдэн зуугаараа өсч дарамт шахалтанд орогсдын тоо мянга мянгаараа тоологдох болжээ.
       Монголд өнөөдөр хэвлэл мэдээллийн хөгжил цохих шатандаа нэгэнт гарчээ. Мэдээллийн хурд өсч чанар ч түүнийгээ даган сайжирч сэтгүүлчдийн мэдлэг боловсрол ч гологдохооргүй болсон нь олзуурхууштай. Хамгийн гол нь сэтгүүлчид нэгэн дээвэр дор цуглаж нэгдсэн нь хамгийн их дэвшил гэж хэлж болно. Хэвлэлийн эрх чөлөө улам нээлттэй болохын хирээр сэтгүүлчдийг бичсэн нийтлэлийнх нь төлөө шүүх, айлган сүрдүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахыг оролдох нь ихэсч байгаа нь жирийн үзэгдлийн хэмжээнд очиж байгаа нь харамсалтай.
Энэ нөхцөлд хэвлэлийг өөрийн бамбай болгох, олон нийтийн тархи, сэтгэхүйг угаах гэсэн бохир гартнуудын оролдлого улам гаарч байгаа нь нууц биш. Магадгүй хэн нэгэн эрхэм гишүүн таны гадаадад сурвалжлагаар явах зардлыг чинь даая гэж амалсан байж ч болно. Үнэгүй хоол хаана ч байдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс тэд сэтгүүлчдийг худалдаж авах аргаар бохир бизнестээ татаж оруулах нь элбэг байдаг байна.  Тэгээд ч хэвлэлийн эрх чөлөө хамгийн их хөгжсөн Америкт «Худалдагдсан сэтгүүлч бохир цагдаагаас ч аюултай” гэж  ярилцдаг нь дэмий үг биш. Учир нь цагдаа нэг дүүрэг төдийхөн харгалздаг бол сэтгүүлч хүн улс орон даяар, цаашлаад дэлхий даяар харгалздаг учраас арга ч үгүй биз. Сэтгүүлч хоосон сенсаацад хөтлөгдсөнөөс болоод өөрийн эрхгүй ашиглагдчих тохиолдол бас бий. Хамгийн наад захын жишээ гэхэд Сэтгүүлчид Чуулганы хаалт нээлт дээр Төрийн өндөрлөгүүд ямар «жинтэй» үг хэлж хэнрүү хэрүүлийн ялзарсан алим шидэхнэ үү, аль эсвэл Гүндалай, Жаргалсайхан бас бус нөхөд яаж шоудахна уу гэдгийг тэсч ядан хүлээдэг болж. Бас сүүлийн үед УИХ-ын дарга Ц.Нямдоржийг «чулуу» шиг үг чулуудахыг сонирхож «Аймаар ч юм шиг, бахадмаар ч юм шиг.. гэх өнгийн нийтлэл мэдээгээр нэвтрүүлэг, сонингоо чимэх болсон нь хачирхалтай. Мэдээж энэ бол зуудаг нохойн зан биш.   


бичсэн: golomt төрөл: Аналгин | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 737 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

ТА зөв юм бичжээ.Монгол ийм л болоод байгаа .Энэ байдлаас яаж гарах арга зам байгааг дараагийн удаа бичээрэй
Зочин (зочин) хэзээ бичсэн: 16:32, 2008-12-07 | Холбоос | |



:-)